Намайг Жак гэдэг



Төрөлх хотод минь хаврын урь орж, анхны бороо зүсрэн хэн бүхний сэтгэл гэгэлзэн догдлох тэр л үеэр энэхүү ярилцлагаа хийхээр хотын нэгэн алслагдмал дүүрэг рүү жолоо заллаа. Сонин юм шүү, байгаль дэлхий сэргэн амилж, ургамал модод шинэхэн нахиагаа дэлгэдэг гэгэлгэн хаврын улирлаар ажлын замналдаа цэг тавьж тэтгэвэрт гарна гэдэг! Түүнтэй ярилцахаар явах зуурт хэзээ нэгэн цагт би тэтгэвэрт гарах болбол тэр нь ирж буй хавар цагаар бус, харин буцаж буй намраар л байх юм шүү гэсэн бодол төрж билээ. Анх уулзаж буй бүсгүй болгондоо “ах нь чамаас хоёрхон насаар л ах юм байна" гэж өөрийгөө танилцуулж явдаг “цэл залуухан” түүнийг өндөр насныхаа тэтгэвэрт гарчихсан гэдгийг дуулах тун ч сонин байсан.
Тэр бол хамт олондоо Жак нэрээрээ алдаршсан Дэмбэрэлийн Жавхлант юм. Өдгөөгөөс 7 жилийн өмнө, Оюутолгойд анх хөл тавьсан өдрөө би Жак ахтай учирч билээ. Уурхайгаа танилцуулж явсан дарга маань түүнийг олж харчхаад зориуд явж очин “Манай уурхайн хамгийн алдартай хүнтэй танилц” гэж байсан нь санаанд тодхон. Дараа нь ажилчдын автобусанд таарах бүрт тэрбээр шинээр ажилд орсон аль нэг бүсгүйг яг олж очоод танилцана. Тэгэх бүртээ мөнөөх "Би чамаас хоёр насаар л ах" гэдэг алдарт үгээ хэлэх бөгөөд үүнийгээ тэрбээрХоёрхон ах хүнтэй чинь чөлөөтэй харьцаж болдог юм, тийм учраас нас намбадаа бай гэж намайг хэн ч загнаж чаддаггүй юм аа. Тэгээд тэр үедээ инээд наргиа болоод өнгөрч байгаа боловч хүнд хөгжилтэй, гэгээлэг сайхнаар танигдаад үлдчихэж байгаа хэрэг” хэмээн тайлбарласан. Крантайгаа явж байхад нь зөрж таарвал цэрэг хүн шиг л гараараа ёсолж мэндэлдэг. Хэн ч байсан “Сайн уу, царайлгийн туйлаа” гэнэ. Хэдэн ч цаг болж байсан Good morning! (Өглөөний мэнд) хэмээн хашхирах шахам мэндэлнэ. Үнэхээр л түүний дотор үргэлж өглөөний нар мандаастай байдаг гэмээр, таарах бүрт л баясгалантай, хөгжилтэй, жавхаатай явдаг сан. Дэндүү дуу шуугиантай Жак ахыгаа "чимээгүйхэн" тэтгэвэртээ гараад явчихна гэхэд даанч харам байсан тул түүнтэй ярилцаж, туулан өнгөрүүлсэн амьдралынх нь дуртгал, бодол сэтгэлийг уудлан бага ч атугай бусдад хүргэе гэж шийдэж, хэзээ ч, хэнтэй ч хийж үзээгүй “ярилцлага” хэмээх ажлыг зориглон хийсэн минь энэ билээ.

Хүмүүс таныг Жавхлант хэмээх алдраар тань бус, Жак гэдэг нэрээр илүү мэддэг. Энэ нэр хэзээнээс тантай холбогдох болсон юм бэ?

Төв аймгийн Бүрэн сумын нутагт Жавхлант хайрхан уул гэж бий. Тэр уулын өвөрт би гэдэг хүн мэндэлсэн болохоор ижий аав хоёр минь намайг хайрханыхаа нэрээр ийн нэрлэчихсэн хэрэг. Сургуульд ортол ангийн хүүхдүүд Жавхаа гэдэг нэрийг минь Чавхаа, Чавх гэж шоглоод болдоггүй ээ. Нэрээр минь тэгж шоолоод байгааг аав мэдээд “Миний хүүгийн нэр бол Жак гэдэг жинхэнэ гоё гадаад нэр” гэж надад хэлсэн юм. Тэгэхээр нь тэр өдрөөс хойш хүүхдүүд чавхаа гэж дуудах болгонд өөдөөс нь хэлдэг ганц үгтэй боллоо: “Намайг Жак гэдэг”. Эхэндээ хүүхдүүд үгийг минь огт тоохгүй, өмнөхийн адил шоолсоор л байсан. Гэвч удалгүй бага багаар Жак гэх болж, эцэс сүүлдээ энэ нэр дуудах алдар минь болж хувирсан даа.

Таны бага ахуйд орон гэрээсээ холдож, хот хүрээ орж үзнэ гэдэг тийм ч амар ажил байгаагүй байх. Та анх хот орж байснаа, мөн гэрээсээ хол явж үеэ дурсаач.

1963 онд юм даа. Дунд сургуулийн 3-р ангийн сурагч байсан санагдана. Ээж минь талхан заводын нярваар ажиллахаар болж манайх гэдэг айл хотод нүүж ирсэн юм. Миний нагац эгч БНМАУ-ын анхны эмэгтэй хөдөлмөрийн баатар, саальчин А.Авирмэд гэж их мундаг хүн байлаа. Нөхөр нь Улаанхуаранд цэргийн ангийн дарга байсан юм. Тэднийх хажуудаа авч манайхыг айл болгосон доо. Ингэж л би хотын хүн болсон түүхтэй. Хотын сургуулийн сурагч хүү хэрнээ урагдаад нөхөөс тавьчихсан хөх даалимбан цүнхтэй хичээлдээ явдаг байлаа. Цүнхэнд минь олон юм байхгүй ээ. Мөр гаргадаг ганц харандаатай. Нэг удаа мөнөөх “нандин”, цор ганц харандаагаа нөхөөсний завсраар гээчхээд ээжид баахан зэмлүүлсэн нь одоо ч санаанд тодхон байна.
Гэрээсээ хол явсны тухайд сургуулиа төгсөөд 1969 онд цэрэгт мордож, Зэвсэгт хүчний 110-р ангид хуваарилагдан Хатгалын бярваазыг барьж байлаа. Цэрэгт байхдаа их сайхан задарч, эр хүнийхээ хувьд төлөвшиж, маш өөр болсон гэж боддог шүү.

Та багаасаа л машин техникт дур сонирхолтой хүүхэд байв уу? Ер нь хэзээнээс энэ Краны оператор хэмээх мэргэжлийг эзэмшиж, ажиллаж эхэлсэн юм бэ?

Миний багаасаа хүсэж мөрөөдөж байсан зүйл бол зураач болох. Цэргээс халагдаж ирчихээд зураач болно гээд нэг хэсэг зүтгэсэн ч олигтой болж бүтсэн юмгүй явж байтал автын осолд ороод нэлээд хүнд бэртэж бараг 7-8 жил ажил хийлгүй суусан даа. Дараа нь хөл гар ч овоо гайгүй эдгээд 1981 онд барилгын яамны хажууд автотээврийн байнгын курсэд суралцаж “Краны оператор” гэх мэргэжил эзэмшсэн. Ажлын гараагаа эхэлсэн газар гэвэл Шуудангийн 2 бааз.
Дараа нь Орос-Монголын хамтарсан нэгтгэлд ажиллаж яваад яг Ардчилсан хувьсгалын үеэр юм уу даа, хэсгийн дарга гэнэт дуудаад Ангар мөрөнд усан онгоцны кран барих уу гэж санал тавьсан. Би шууд л зөвшөөрөөд төд удалгүй Ангар мөрөнд загас агнуурын онгоцны кранчин болж хувирсан даа. Тэгж яваад нэг удаагийн аяллаас хоцорчихов. Энэ ажилдаа дургүй байгааг анзаарсан найзууд маань намайг Манжуураар хамт наймаанд явъя гээд ятгаад байхаар нь ажлаа орхиод, хэсэг хугацаанд наймаа арилжаа хөөж үзсэн.




Та Оюутолгойн уурхайтай хэзээнээс холбогдсон юм бэ?

Ганзагын наймаагаа болиод би Монголросцветмет, Монгол Газар, Бороо гоулдын алтны уурхай гээд хэд хэдэн газар ажилласан. Сүүлд Бороогийн алтны уурхайд хоёр жил орчим ажиллахдаа архи дарс уусан хэргээр олон ч удаа халагдсан юм. 6 дахь удаагаа халагдсаны дараа удирдлагууд маань надтай уулзаад “За одоо таныг яг яавал дээр вэ? Монгол хүн байна, долоо халагдвал муу ёр юм даа” хэмээн учирлаж билээ. Тэгээд л Бороо гоулдын уурхайгаас гарч ажилгүй хүн болов оо
Нэг өдөр хамт ажиллаж байсан нөхрийн хамт Баянгол зочид буудлын Касабланка ресторанд сууж байтал “Тэр ширээнд Айванхое Майнзын босс Фрийдланд сууж байна, одоо энэ Оюутолгойн ордыг эзэмшиж байгаа” гээд л манай хүн ярьдаг юм байна. Би яриаг нь сонсож дуусаад шууд л давхиад очлоо. ”За, сайн уу? Би Жак байна аа. Таньж байна уу” гэсэн чинь Фрийдланд ”Таньж байна гээд тэвэрч бариад сүйд. Уг нь бие биенээ огт танихгүй, анх удаа уулзаж байгаа хүмүүс шүү дээ. Тэгэхээр нь би “Бороогийн уурхайд кран барьж байгаад халагдчихлаа” гээд мэддэг хэдэн англи үгээ эвлүүлээд хэллээ. Тэгсэн чинь шууд л “Өө асуудалгүй, Оюутолгойд ажил эхэлж байгаа, тийшээ явж ажилла” гэдэг юм байна. Тэгж л анх 2004 онд Оюутолгойн уурхайд хөл тавьсан даа.

Алдарт Стив Жобс хүртэл “бусдыг өөртөө татах онцгой чадвартай, ховсч нэгэн” хэмээн дурссан байдаг Роберт Фрийдландыг та “ховстчихсон” хэрэг үү?

Хүний хувь тохиол гэх үү дээ. Гэхдээ тэр үед би англи хэлгүй гээд өөрийгөө голоод ч юм уу, зориглож очоогүй бол өдийд хаана юу хийж явахыг хэн ч мэдэхгүй байх.

Таныг анх ирж байх үеийн Оюутолгой өнөөдрийн Оюутолгойгоос огт өөр байсан нь мэдээж. Анх очиж байсан үеийнхээ дурсамжаас хуваалцаач?

Намайг анх очиход 90 хоног ажиллаад 14 хоног амардаг хуваарьтай, нэг ирээд бүтэн улирал солигдсоны дараа л амарч харьдаг байлаа. Халуун зунаар шорт, сандаалтай ирсэн хүн чинь 90 хоногийн дараа намрын анхны цас орчихсон хойно л буцдаг байсан даа. 
Гадаадууд ч тэр, монголчууд ч тэр хэн хэнийхээ хэл соёл, ахуй амьдралыг сайн таньж мэдээгүй л байж дээ. Анх ажлын талбайд боловсон жорлон байхгүй, модон жорлонтой байлаа. Нэг удаа явж байтал жорлонгийн хаалган доогуур 2 хөл гозгоноод байна. Гайхаад очсон чинь Геологийн нэг гадаад нөхөр нөгөө модон жорлонгийн бохир заваан гишгүүр дээр 00-н цаас дэвсчихээд хөлөө жийгээд сууж байдаг байгаа. Чи наад дээрээ явган суугаач гэсэн чинь үгүй хонгоороо суух ёстой гээд байгаа юм даа.

Уурхайн талбайд олон хоног ажиллахад баяр ёслолын үе таарах тохиолдол олон. Тэр үед та уурхайд цагаан сар хийдэг байсан нь залуус бидэнд их сайхан санагддаг байж. Анх хэзээнээс тэнд цагаан сар хийж эхэлсэн юм бэ?

Анх 2010 онд, уурхай дахь гэртээ цагаан сар хийе гэсэн санаагаа хэлтэл залуучууд маань ч, гадаад дарга нар ч сайхан санаа байна гээд бүгд дэмжсэн. Хотоос өвчүү авчирч гал тогоонд чануулчихна. Баавгайтай чихрийг шуудайгаар нь авчирч байлаа. 4-5 хонины махаар бууз хийнэ. Тэгээд  сар шинэ болмогц уурхайд ажиллаж амьдарч байгаа бараг бүх хүн ирж золгоно. Гэртээ дуулж хуурдаад л, сүүлдээ концерт шахуу юм болно оо. Тухайн үеийн Оюутолгойн хамгийн сайхан бүсгүй А.Сувд ятгатайгаа орж ирж дуулаад л. Үнэхээр сайхан тэмдэглэдэг байсан шүү.

Танд хүмүүс, тэр дундаа гадаад мэргэжилтнүүд их сайн хандах юм. Энэ юуных вэ?

Би ажлаа яс хийдэг байсан. Миний аз ч гэх юм уу, од ч гэх юм уу, би Liebherr-н краныг яг гартаа оруулаад сайн сурчихсан юм шиг байгаа юм. Liebherr-н кран ч өөрөө маш мундаг кран. Өгөгдөл сайтай, цагны зүү шиг л жигд явдаг. Нөгөө гадаад дарга нар чинь хааяа намайг юм өргөж байхыг харчхаад л "мастер" гээд л дуу алдан магтдаг байлаа шүү дээ.

Ажилдаа сайн байсан болохоор дарга нар сайн хандаж байсан гэж та хэлж байна. Тэр ч мэдээж тийм байх. Гэхдээ таны өөрийн хүнтэй харилцах харилцааны ур чадварын нөлөө бас их бий байх аа?

Хүнд сайхан үг хэлбэл хариуд нь сайхан л үг сонсдог юм билээ. Манайхан хэлийг нь мэдэхгүй гээд нөгөө гадаадуудтай чинь харьцахгүй байхад би ямар ч ичиж зовох зүйл байхгүй, өөрийнхөө мэдэх хэмжээнд тултал нь хэлээд яриад байхад ойлголцоод л байна. Удаан хамт ажиллаад ирэхээр сүүлдээ ч бараг харцаараа л ойлголцдог болчхож байгаа юм. Хүн өөртэй нь харилцаж, өөрийгөө сайн илэрхийлж байгаа хүнийг л илүү ойлгож, мэдэрч, үнэлдэг юм шүү дээ.
Хүний харилцаа, хандлага гэдэг чинь их чухал. Жишээ болгоод ярихад 2009 онд юм даа, краны оператор гээд хүн шинээр ирлээ. Ирэнгүүтээ надад томроод, “Дарга чинь намайг ажилд авсан. Би насаараа кран барьсан хүн, гэхдээ энэ Liebherr-н краныг барьж байсангүй. Заагаад өгчихвөл наадхыг чинь сурчихна” гэж даналздаг юм байна. Тэр үед чингэлэг өргөдөг Kalmar гэж техник ирээгүй байсан болохоор ирж буй бүх ачааг кранаар буулгадаг, маш их ачаалалтай байлаа. Тэгээд би “Ах нь одоо маш их ажилтай, завгүй байдаг, яаж заая даа” гэтэл “Даргад чинь хэлчихсэн, дарга чинь надад кранаа заа гэсэн юм байгаа биз дээ” гэж байна. Би боломж бололцоогоороо заагаад өгсөн ч тийм хандлага, харьцаатай хүн чинь сайн сурдаггүй, болдоггүй л юм билээ. Удалгүй ажлаа хийж чадахгүй байна гээд халагдаад буцсан даа.
Дараа нь харин нэг залуу ирээд “За ах аа, аминд ороорой. Дүү нь энэ Liebherr-н краны талаар юу ч мэдэхгүй, та амьдралд минь нэг удаа тус болооч” гээд үнэнээ учирласан. Би орой ажил тарсан хойно хэдий ядарч байсан ч гэртээ дуудаад номыг нь үзүүлээд, бүх онолыг нь заагаад, их ажлынхаа завсар зайгаар дадлага хийлгээд мэдэх чадах зүйлээ харамгүй сургасан. Манай залуу ч чармайсан учир хурдан сурч, сайн ч кранчин болсон. Хүнтэй мэндлээд, үнэн учраа хэлээд, зовлон жаргалаа яриад, аятай сайхан харьцвал өөрт ямар ч хэцүү, завгүй байлаа гээд адилхан л хүн, ажиллаж амьдрах гэж яваа болохоор аль чадахаараа л хүмүүс тусалж дэмжээд явдаг юм шүү дээ.

Liebherr-н краныг анх Монголд барьсан хүн нь та байх аа?

Тийм. Анх 100 тн-ы кран орж ирэхэд Бороогийн уурхайд би барьж байлаа. Дараа нь 60 тн-ых ирэхэд ч, сүүлд 250 тн-ых ирэхэд ч Монголд анх барьсан хүн нь би. Үүнтэй холбоод ярихад Бороогийн алтны уурхайд 100 тн-ы кран барьж байхад хүмүүс “Энэ Жак халагдахдаа крандаа юм хийчхээд явчихдаг, тэгээд өөр хүн барьж чаддаггүй, ахиад л нөгөө халсан Жакийгаа ажилд авдаг байх аа” гэж ярьдаг байлаа. 6 халагдаж 6 ордгийн шалтгаан нь энэ шүү дээ. Өөр хүн барьж чадахгүй болохоор ахиад л авчихдаг байсан хэрэг.

Та амьдралынхаа туршид, краныхаа бүхээгт суугаад олон л ачаа өргөж буулгаж байсан. Тэр дундаас сэтгэлд тод үлдсэн, дурсаж санаж явдаг өргөлт гэж бас байна биз дээ?

Би Оюутолгойн хамгийн өндөр ачаа Мобикомын цамхгийг зөөж суурин дээр нь тавьсан юм. Говьд орой, нар жаргах үеэр ямар гоё байдаг билээ. Яг нэг тийм л оройн нар жаргах үеэр, ямар ч савлагаа гацаагүй, цагны зүү эргэж байгаа мэт л жигд явуулж цамхагийн оройг тавихад тэнд байгаа хүмүүс бүгд баяр хүргэж алга ташаад, ажил тарсан хойно тэмдэглээд л их сайхан байсан. Тэр л санаанд их тод байдаг даа.

Тэтгэвэрт гарахаа шийдчихээд, хамгийн сүүлд краныхаа бүхээгээс буухад танд юу бодогдож байв? Хэдий амьгүй техник ч гэлээ нөгөөтэйгүүр тантай олон жил хамт байсан “анд нөхөр” чинь болохоор крандаа их л дасна биз дээ?

Тийм шүү, дасалгүй яах вэ. Дугуйнд нь сүү дусааж, надад ээлтэй сайн байсан шигээ цаашид барих олон олон хүмүүст ивээл буянаа хайрлаж яваарай гэж шивнээд, крантайгаа салах ёс хийгээд буусан. Одоо ч би энд тэнд явж байгаад элдэв янзын кран дайралдвал сонжиж сонирхоод зогсчихдог юм.



Таны ярианаас ажиглаад байхад та Оюутолгойн уурхайдаа их хайртай юм шиг санагдлаа?

Тийм шүү. Би ажиллаж байсан газруудаасаа хамгийн сайхныг нь нэрлэ гэвэл Оюутолгойн уурхайгаа хэлнэ. Яагаад гэвэл тэнд ажил мэргэжилдээ эзэн болсон зөндөө сайхан мундаг залуучууд, сэтгэл нийлсэн хамт олон байна. Боловсрол гэж хүмүүс их ярьдаг. Гэтэл би зүгээр л нэг краны жолооч, надад боловсрол гэчих зүйл байхгүй ч өндөр мэдлэг боловсролтой өчнөөн олон залуустай хамт ажилласнаараа би өөрийгөө эчнээ боловсрол эзэмшсэн гэж бодож явдаг. Дээр нь би архи тамхийг тэнд байхдаа л хаясан. Гэр бүлийн амьдралаа шинээр төвхнүүллээ. Ер нь өөрийн амьдралын нэгэн шинэ, өнгөлөг, гэгээлэг хуудсыг энэ уурхайд ажиллаж байхдаа л нээж эхлүүлсэн гэж боддог доо.

Оюутолгой уурхайд таны хайрлаж хүндэлж, үлгэр жишээ болгож явдаг хүмүүс хэн хэн байв? Залуус бид мэдээж ахмад үеэ, та бүхнийг хүндлэн харж, дагаж дуурайж явна. Гэтэл та бүхэн маань хэнийг хүндэлж, хайрлаж явдгийг мэдэхэд сонин байна?

Хайрлаж хүндэтгэж, бахархаж явдаг хүмүүс олон бий дээ. Нэр дурдахад, одоо Жакобс компанид ажилладаг Бат-Эрдэнэ гээд залуу бий, миний хуурай дүү. Жинхэнэ өөрийнхөө хөдөлмөр зүтгэлээр амьдралаа босгож, амжилттай сайхан яваа мундаг залуу. Мөн “Говь засварын хэлтэс”-ийн Батжа /А.Батжаргал/ байна. Манай Батжа бол ёстой сайхан хүн дээ. Хүн чанарыг нь би үнэхээр хүндэлж явдаг. Маш сайхан биеэ авч явдаг, анх ирэхдээ ямар байсан яг тэр хэвээрээ, нэг л зангаараа байдаг, жинхэнэ үлгэр жишээ болохуйц хүн.
Дээр нь би кран, угсралтын хэлтсийнхээ залуусыг тэр энэ гэлтгүй бүгдийг нь үнэхээр хайрлаж хүндэлж явдаг. Миний хамт олон бол үнэхээр сайхан хамт олон.
За тэгээд манай үеийнхнээс гэвэл манай С.Санждорж, Д.Гарамжав гуай гээд байна. Мундаг сайхан хүмүүс шүү дээ. Би нээрээ Санжтай холбоотой нэг хөгжилтэй түүх ярьж өгөх үү?

Тэг л дээ.

Би шатар тоглох дуртай, Санжтай өгөө аваатай л үздэг юм. Нэг удаа Оюутолгойд шатрын мастерууд зочилж ирээд, Их мастер Б.Мөнгөнтуул манай уурхайн шатарчидтай зэрэг тоглолт хийж, түүнд нь Санж бид хоёр оролцлоо. Өрөг эхлээд нүүж байтал айлын нэг хүү хамаг нүүдэл хаагаад бүр садаа болоод болдоггүй ээ. Тэрийг л авчихвал болчих гээд байдаг. Зэрэг тоглолт юм болохоор Их мастер ирж нэг нүүчхээд л цаашаа явчхаж байгаа юм. Тэр зуурт нь нөгөө хүүг сэмхэн аваад тавьчихлаа. Тэгээд л хүлээж байтал их мастер тойрч хүрч ирснээ бүр гайхаад л бодоод зогсчихлоо.  Бусад хүмүүс дээр бол очоод л гялс гялс нүүгээд явж байсан хүн чинь над дээр ирээд гэнэт удаан бодоод зогсчихсон чинь хүмүүс гайхна биз дээ. Сүүлдээ аав нь ирж хамт хараад л зогслоо. Нэлээн харж зогссоны эцэст нүүгээд цааш явлаа. Тэгсэн Санж бүр гайхаад “Хүүе, юу болоод чам дээр аавтайгаа хүртэл очоод ингэж удаан бодоод байгаа юм” гэж байна. Би ч хэн мэддэгийн гэчхээд л хайнгадуухан л сууж байлаа. Мэдээж их мастер хүн нэг хүү алга болсныг мэдсэн л байж таараа. Гэхдээ хүү алга болчихлоо гэж хэлдэггүй юм байна. Тэгж хэлбэл онигоотой биз дээ. За тэгээд Санж аль хэдийн тэнд хожигдчихсон байхад би их мастертай тэнцчихсэн маадгар амьтан сууж байлаа. Муу Санжийгаа тэгж нэг залиар сайхан дийлсэн юм даа. Бүр хожим нь яг юу болсон үнэнээ хэлчих гээд байхаар нь “Нэг хүүг нь аваад тавьчихсан юм аа” гэсэн чинь даанч тэгнээ гээд бөөн инээдэм болсон доо.

Залуус дүү нартаа захиж хэлэх зүйлс танд бишгүй л олон бий байх. 3 зүйлийг онцолж хэлээч гэвэл та юу захих вэ?

Хамгийн түрүүнд ханиа хайрлаж яваарай гэж захина. Хүн хорвоод яах гэж ирдэг юм бэ? Хайрлаж, хайрлуулах гэж л ирдэг. Тиймээс ханиа гомдоож, зовоож огт болдоггүй юм шүү. Мөн өөрийн чадах чадахгүй олон зүйлд үсчилгүй, хийхийг хүсдэг, мэддэг чаддаг зүйлээ хийсэн шиг хийж, ажил мэргэжилдээ эзэн нь болж яваарай. Тэгээд эцэст нь ээжийн минь надад захиж хэлдэг байсан “Хүнд тустай яваарай, хүн чанартай байгаарай!” гэсэн үгийг дүү нартаа захиж хэлье дээ.

Танд “тэтгэврийн хүн” гэдэг нэр нэг л зохимжгүй санагдах юм. Та одоо юу хийнэ гэж бодож төлөвлөж байна даа?

Тэтгэвэрт гарлаа гээд гуньж гутраад, зүгээр суугаад байх юм огт алга. Эндээ нэг жижиг үйлдвэрлэл явуулах санаатай, саяхан Хятадын Гуанжаоу ороод сийлбэр хийдэг машин тоног төхөөрөмж судлаад оруулж ирэхээр бүх зүйлээ тохирчихоод ирлээ. Одоо компьютерынх нь сургалтад суугаад сийлбэр хийж сурна. Зураач, сийлбэрч гээд бүх юмаа өөрөө хийнэ гэж бодож байгаа.

Та залуудаа краны оператор болох дургүй, харин зураач болох хүсэлтэй байсан гэж ярьж байсан. Одоо тэр хүслээ биелүүлэх гэж байна гэж ойлгож болох уу?

Тийм шүү, тэгж ойлгож болно. Санааныхаа чинадад хадгалаад л яваад байсан. Хүн аливаа ажлыг сайн эхэлсэн шигээ сайн дуусгадаг байх хэрэгтэй. Краныхаа ажлыг утга төгөлдөр сайхан хийлээ гэж би боддог. Одоо харин хүсэж бодож явсан ажил руугаа ханцуй шамлан орох гэж байна даа, ах нь.


Тэр тал хээр нутагт төрж өсөн, нийслэл хотод бага идэр насаа өнгөрөөн, амьдралынхаа галтай цогтой насандаа Хөвсгөлийн тайга, Хангайн уулс, Галбын говь, гадаад их мөрний усанд гээд олон газар ажиллажээ. Чингэхдээ тэрбээр зураач болох чин хүслээ хаана ч гээлгүй тээсээр, түүндээ хүрэхээр насны орой гэлтгүй зориглон хөдөлж. Хавраар хийсэн энэхүү ярилцлагаа бичиж цөхөн явтал намрын сар нэгэнт иржээ. Намраар намайг очиход Жак ах маань яриа төдий байсан төхөөрөмжөө хэдийн оруулж ирээд, суурилуулчихсан “Одоо ажиллуулж сурах л үлдээд байна” гээд инээсээр угтсан. Тэр хавраар тэтгэвэрт гарсан нь учиртай байжээ. Тэтгэвэрт гарна гэдэг “намар” биш, харин ч шинэ бүхнийг хийж эхлэх “хавар” юмсанж.

Налгар намрын өдрүүдийн нэгэнд түүнтэй уулзаад буцахдаа би Туул гол дагуух цардмал замаар давхин явсан. Буцаж эргэдэггүй цагийн жамыг санагдуулах мэт голын ус тасралтгүй, жигд мяралзан урсаж, өтгөн шугуй нь ногоон навчсаа алтан шар өнгөтэй сүлэн гоёмсог харагдана. Хэзээ нэгэн цагт тэтгэвэрт гарах болоход тэр нь намраар л байх юм шүү гэсэн миний бодол өөрчлөгдөн хувирчээ. Насныхаа тэтгэвэрт би хавраар гарна аа. Урин хавраар л...

1986 онд ижийгээ бурханы оронд одоход хөргийг нь ийн зурсан аж



Ярилцсан: Б.Батзолбоо

Comments

  1. Сайхан ч хүн, сайхан ч ярилцлага... Бас сайхан ч хөрөг.

    ReplyDelete
  2. Маш сайхан ярилцлага болжээ. Жак ах ч мундаг хүн дээ,бахархах зүйл ихтэй хүн.

    ReplyDelete
  3. Миний ах хамгийн мундаг хамгийн сайн ах минь

    ReplyDelete

Post a Comment